АХЛАХ ЗӨВЛӨХ Доктор, НҮБ-ын мэдээлэлжүүлэлтийн академийн гишүүн, Геологи, Уул уурхайн үйлдвэрийн яамны сайд асан Ч.Хурц Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин

Доктор Ч.Хурц нь 2017 оны хоёрдугаар улирлаас эхлэн Монголы Зэс Корпораци ХХК-ийн Ахлах зөвлөхөөр томилогдон ажиллаж байна.

Доктор Ч.Хурц нь 1963 онд БНМАУ-ын Геологи шинжилгээний газрын Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст инженер, хэлтсийн дарга, орлогч дарга - ерөнхий геологичоор ажиллан ажлын гараагаа эхлүүлснээс хойш хагас зуун жил Монголын геологи, уул уурхайн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан тэргүүний боловсон хүчин юм.

Тэрээр ажиллах хугацаандаа Геологийн яамны орлогч сайд, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны сайд, УИХ-ын гишүүн, Байгаль орчны байнгын хорооны дарга, ЗХУ дахь БНМАУ-ын Элчин сайдын яаманд мэргэжилтэн, Техникийн их сургуулийн инженерүүдийн мэргэжил дээшлүүлэх факультетын декан, Геологи, эрдэс баялгийн хүрээлэнгийн захирал зэрэг өндөр албан тушаал хашиж байсан туршлагатай мэргэжилтэн.

Түүнээс гадна Доктор Ч.Хурц нь 1976 – 1996 онуудад гурван удаа парламентийн гишүүнээр сонгогдон ажиллахдаа Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийг батлалцаж, одоогийн уул уурхайн салбарын эрх зүйн орчны суурийг тавьсан хууль тогтоогчдын нэг юм.

Доктор Ч.Хурц нь 1957-1963 онд Москва хотын геологи, хайгуулын дээд сургуулийг төгсөж, 1984 онд ЗХУ-д геологи-минералогийн ухааны Докторын зэрэг хамгаалсан.

Цоожийн Пүрэвтүвшин нь хөрөнгө оруулалтын банкир юм. Тэрээр АНУ-ын Мичиган мужийн Хуулийн Их сургууль болон Монгол улсын Их Сургуулийн Хуулийн Сургуулийг төгссөн бөгөөд хөрөнгийн зах зээл дээрх компаниудад, мөн засгийн газарт олон улсын зах зээл дээр бонд гаргахад нь зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.

Өмнө нь Худалдаа Хөгжлийн Банкинд зөвлөхөөр ажиллаж байсан тэрээр өдгөө уул уурхай, компани нэгдлийн салбарт голчилсон хөрөнгө оруулагч болсон байна. Одоогоор Уулын баяжуулах Эрдэнэт Үйлдвэр, Монголросцветмет компаниудын 49%-ийг эзэмшигч Монголын Зэс Корпорацийг удирдан ажиллаж байна. Түүний хөрөнгө оруулалтын багцад үл хөдлөх хөрөнгө, уул уурхайн салбар багтдаг.