Монголын Зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар: Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалинг 10 хувь нэмэх бололцоотой

Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа Эрдэнэт үйлдвэр, тус үйлдвэрийн 49 хувийн хувьцааг эзэмшигч Монголын Зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатартай бид ярилцлаа. Ажил уулзалтууд ихтэй байгаа ч цаашдын хийгдэх шаардлагатай буй ажлуудын талаар бид хэлэх зүйл их байна” хэмээн тэрээр биднийг угтсан юм.

Юуны өмнө танаас шууд асуухад Эрдэнэт үйлдвэрийг тойрсон асуудал УИХ дээр яригдлаа мөн олон нийтийн ч анхаарлын төвд байна. Танай компани ямар байр суурьтай байна?

Монголын зэс корпораци эхнээсээ авахуулаад дуустал энэ бүх асуудал хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэгдээсэй, ялангуяа олон мянган ажилчид, бүхэл бүтэн хотын хувь заяатай холбоотой асуудлыг битгий улстөржүүлээсэй гэсэн байр суурьтай байсан. Одоо ч тэр байр суурь хэвээрээ. Харин улстөржөөд байгаа сэдвүүд, бидний байр суурийг илт гуйвуулсан үйлдлүүд цаг хугацааны шалгуураар гандаж хоцорно гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл өнөөдөр хамгийн чухал асуудал бол энэ биш.

Та цааш нь тодотгохгүй юу, яагаад хамгийн чухал асуудал биш гэж. Харин ч олон нийт болон зарим улстөрчид эсрэгээр яриад байгаан биш үү?

Хамгийн чухал асуудал бол Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй, үйл ажиллагааны тогтвортой байдал. Улстөржилт биш. Өнгөрсөн хугацаанд бид нэг зүйлийг ойлгох цаг хангалттай байлаа. Тэр нь юу гэхээр Эрдэнэт үйлдвэрийн Оросын талд байсан эзэмшлийн хувийг үндэсний компани Монголдоо буцаан авчирлаа.

Бидний хувьд энэ улс төрийн байдлаас илүүтэйгээр үйлдвэрийн одоогийн нөхцөл байдлыг дүгнэж цаашид төртэйгээ хамтран үйлдвэрийн өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлэх вэ гэдгээ тодорхойлох нь чухал байна.

Сүүлийн жилүүдэд үйлдвэр зайлшгүй хийгдэх ёстой байсан хөрөнгө оруулалтыг хойшлуулах, хөрс хуулалт, вальютын ханшийн өөрчлөлт зэргээс үүдсэн зардлыг гаргахгүй байснаар богино хугацаанд өртөг буурсан мэт харагдаж байгаа ч энэ нь дунд хугацаандаа үйлдвэр алдагдал хүлээх үндсэн нөхцөл болно.

Шаардлагатай хөрөнгө оруулалтыг цаг тухайд нь хийгээгүйгээс тоног төхөөрөмж хуучирч, технологийн хоцрогдолд орж, Монголд болон бусад улсад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдтэй харьцуулахад өрсөлдөх чадварын хувьд сүүл мушгиж байна. Жишээлбэл Оюу толгой үйлдвэрийн хувьд хоёр шатлалттай дөрвөн бутлах тээрэм ажиллуулж байхад манай үйлдвэр гурван шатлалттай арван хоёр тээрэм ажиллаж байна. Энэ мэт олон зүйлээс шалтгаалж Оюу толгойн нэг тонн бүтээгдэхүүний өртөг 2000 доллар байхад, Эрдэнэт үйлдвэрийнх 4000 доллар байх жишээтэй. Энэ нь үйлдвэрийн үр ашиг, өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь тодорхой. Энэ мэт олон асуудал байгаа.

Та бүхний цаашдын төлөвлөгөө юу байгаа вэ?

Бидний хувьд дэлхийн хэмжээний олон тэргүүлэгч компаниудтай хамтран ажиллаж зөвлөгөө авдаг . Саяхан бид Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлэх дунд урт хугацааны менежментийн бодлогоо боловсруулж дууслаа. Худалдан авах хэлцэл эхлэхээс өмнө болон дууссаны дараа энэ ажилд хамтран ажилласан дэлхийн шилдэг фирмүүд, зөвлөх компаниудын зөвлөгөөн дээр үндэслэж олон сар сууж байж гарсан. Танилцуулж ажил хэрэг болгоход бэлэн болсон гэсэн үг.

Нууц биш бол бид эхлэн танилцаж болох уу. Олон нийтэд ч бас сонирхолтой байх болов уу. Яг ямар менежментийн чиглэлтэй ажиллах гээд байгаа юм гэдэг талаар?

Бидний менежментийн бодлогод баримтлах хамгийн чухал зүйл гэвэл үйлдвэрийн өрсөлдөх чадвар. Өрсөлдөх чадвар гэдэг бол зөвхөн өртөг зардал бууруулах тухай бус нээлттэй байх, үйлдвэр сайн засаглалтай байх, хөрөнгө оруулалтын бодлого оновчтой байх, ирээдүйдээ итгэл төгс ажилчидтай байх гээд олон зүйлээс бүрддэг. Монголын Зэс корпорациас өөрсдийн одоогийн болон ирээдүйн бүх баримтлах зарчим, үйл ажиллагааны чиглэлийг нэгтгээд “Эрдэнэтийн Ирээдүй: 5 зорилт” гэж тодорхойлж байна. Таван үндсэн зорилтод Эрдэнэтийн талаар он удаан жил яригдсан ч огт хэрэгждэггүй байсан шилэн дансыг нэвтрүүлэх, зардал болон худалдан авалтыг ил тод, нээлттэй байлгахаас эхлээд Монгол компаниудыг Эрдэнэтээс дэмжих санаачилга, 1000 айлын орон сууцны цогцолбор барих зэрэг урт удаан хугацаанд тогтвортой явуулах ажил төдийгүй үйлдвэрийн ажиллагсадын цалинг нэмэх зэрэг нэн даруй хэрэгжүүлэх ажлууд ч багтсан байгаа.

Та бүхэн ажилчдынхаа цалинг нэмэх бодлоготой байна гэсэн үг үү?

Эрдэнэт үйлдвэр сүүлийн үед хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж байгаа. Хэрэгжиж байгаа хэмнэлтийн бодлогыг бид цаашид үргэлжүүлэх чиглэлийг Төлөөлөн удирдах зөвлөлийн түвшинд ярьна. Гэхдээ хэмнэлтийн бодлого бол зүгээр нэг сууж байгаад хийгддэг зүйл огтоос биш. Эрдэнэт үйлдвэрийн ажилчид ялангуяа энэ ажлын хамгийн тэргүүнд эгнээнд байж үйлдвэрлэлийн хэрэгцээгүй зардлыг бууруулах, техникийн ашиглалтын хугацааг уртасгах зэрэг ачааны хүндийг үүрч байгаа ажилтнууд. Тэгвэл энэ хүмүүс маань хэмнэлтийн бодлогын үр шимийг хамгийн түрүүнд хүртэх учиртай. Дээрээс нь үйлдвэрийн өрсөлдөх чадварт ажилчдын цалин, нийгмийн асуудал чухал байр суурь эзэлдэг. Тиймээс бид Эрдэнэтийн ажилчдын цалинг нэмэх асуудлыг ойрын хугацаанд Төлөөлөн Удирдах Зөвлөлөөр шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа.

Хэдийнээс гэдгийг тодруулах боломжтой юу?

Тооцоо судалгааг Монголын зэс корпорациас хийж үзлээ. 2017 оноос эхлэн эхний ээлжинд үйлдвэрийнхээ ажилчдын цалинг үе шаттайгаар 10 хувь нэмэх бүрэн боломжтой. Харин удирдах албан тушаалтнуудын хувьд үүнд хамрагдахгүй.

Эрдэнэтийн ирээдүй: 5 зорилтод багтсан өөр ямар онцлох зүйл байгаа вэ?

Өмнө нь Монгол-Оросын хамтарсан үйлдвэр гэдэг статустай байхад нь Эрдэнэт үйлдвэрт цаашид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Эрдэнэт хотын иргэдэд зориулсан сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн олон асуудал хана мөргөдөг байсан. Одоо энэ асуудал Монголдоо бүрэн шийдэгдээд явна. Орос дунд сургуулийн тоог нэмэгдүүлэх, цэцэрлэг шинээр барих, эрүүл мэндийн цогцолборыг байгуулах асуудал Эрдэнэтийн иргэдэд хэрэгтэй зүйл. Энэ асуудалд бид Монгол компани шиг ажиллах ёстой. Тооцоо судалгааг хийж үзэхэд боломжтой байгаа учраас хийх л хэрэгтэй. Зөвхөн 1000 айлын орон сууц төдийгүй 4 цэцэрлэг, 2 дунд сургууль гээд иж бүрэн цогцолборын ажлыг бид шийднэ. Түүнээс гадна барууны тэр дундаа Германы томоохон техникийн сургуультай хамтран Эрдэнэт хотын Техникийн дээд сургуулийг олон улсын түвшинд хүргэн өргөтгөж дотоодын хамгийн том техникийн их сургууль болгоно.

Эцэст нь асуухад та энэ талаар хариулах дургүй гэж хэлсэн ч асуумаар санагдлаа. УИХ-ын Байнгын хороодын хуралдаан дээр зарим гишүүдээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан үүнийг хэрхэн хүлээж авч байна?

Яахав төр бүхнийг хүчээр шийдээд явбал хувийн хэвшлийн орон зай Монголд хумигдана. Уг нь төр төмөр нүүртэй гэдэг үг чинь төрийн зарчим хувиршгүй байх ёстой гэдгийн илэрхийлэл юм. Түүнээс бүгдийг нь сүхдээд дээрэлхэж хийнэ гэсэн үг огтоос биш. Гэхдээ танд сонин сонсогдож байж магадгүй. Бид асуудалд тайвнаар хандаж байгаа. Яагаад гэвэл өмнө нь Эрдэнэтийн тал нь Орост байхад энэ үйлдвэр маань тусгай статустай, хаалттай бөгөөд нууцлагдмал газар байсан. Монголын талын хүсэлт хамраа няслуулаад буцдаг байсан гэхэд хэтрүүлэг болохгүй. Бид Монголдоо авчирч чадсан учраас УИХ-д төдийгүй нийгэмд ийм хэлэлцүүлэг өрнөж байгаа зөв. Наад зах нь жишээ гэхэд л саяхан 7-р сараас өмнө үйлдвэрийн ажилчдын өглөөний шуурхай хурал дан орос хэлээр явагддаг байлаа. Одоо шуурхай хурал монгол хэлээр явагддаг болсон шүү.

Ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

title

Өмнөх мэдээ

Монголын Зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар: Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалинг 10 хувь нэмэх бололцоотой
title

Дараагийн мэдээ

Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет компаниуд үндэсний хөрөнгө оруулалттай Монголын компани боллоо