Эрдэнэт үйлдвэр “Худалдан авах ажиллагааны журам”-аа хэлэлцлээ

Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Хууль эрх зүйн газраас шинээр боловсруулж буй Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах журмыг цехүүдийн удирдлагуудаар хэлэлцүүллээ. Уг журамд цехүүдийн саналыг тусгасан бөгөөд энэ хэлэлцүүлгээр нэгдсэн байдлаар танилцуулж, саналаа солилцлоо.

Энэхүү журмын агуулга, ач холбогдлын талаар Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадамаас тодруулахад: Эрдэнэт үйлдвэр Монгол Оросын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрээр бүх үйл ажиллагаа зохицуулагдаж ирсэн.

Бидний гаргаж буй журмын төсөл нь Монгол улсын хууль тогтоомж, Засгийн газар, УИХ-ын тогтоол, Монгол улсын шилэн дансны хуульд бүрэн нийцүүлэх зорилготой бичигдсэн. Эрдэнэт Үйлдвэр 2013 онд Худалдан авалтын түр журам баталсан. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах тухай хуулийн үзэл баримтлалд нийцэж байгаа ч, нарийвчилсан журам биш байсан. Энэ журмыг өөрчлөн, шинэ найруулгаар батлах зүй ёсны шаардлага үүссэн. Үүний дагуу худалдан авах ажиллагааны журам гаргасан.

Энэхүү журмаар цех нэгжээс гаргасан, санал нь хянагдаж, бараа бүтээгдэхүүнийг хамтын шийдвэрээр худалдан авах болсон нь онцлог. Мөн журамд зарчмуудыг тодорхойлсон. Ингэхдээ үндэсний, орон нутгийн гэсэн тодотголтой, хамгийн олон ажиллах хүчнийг бий болгосон, хамгийн их татвар төлдөг аж ахуйн нэгжүүдээс худалдан авалт хийх давуу эрх олгохоор УИХ-ын тогтоол, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн журамд оруулсан. Үүгээрээ давуу талтай. Өмнө нь хэрэгцээ шаардлага байна гэж ярьж байсан зүйлд худалдан авалт хийдэг байсан бол одоо ярьсан зүйлийг баримтжуулах дэд комиссыг байгуулан, түүний гаргасан шийдвэрийг үндэслэн худалдан авалт хийдэг боллоо. Энэхүү журамд шууд үйлдвэрлэл, дистрибьютер компаниас худалдан авалт хийхээр заасан.

Иймд үйлдвэрлэлийн өртөг зардал, үйл ажиллагааны олон зардлыг хэмнэнэ гэж үзэж байгаа. Аль нэгэн аж ахуйн нэгж Эрдэнэт үйлдвэрт бараа нийлүүлэх саналаа бичиг хэргээр дамжуулан Хангамж, Их барилга, Хөгжлийн бодлогын хэлтэст өгнө. Бичиг хэргээр ороогүй санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байх, шийдвэрлэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх механизмыг бүрдүүлж өгсөн.

Худалдан авалтын Ерөнхий төлөвлөгөөг Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулиар өмнөх оны 12-р сарын 15-ны дотор Сангийн яамд хүргүүлдэг байх ёстой. Үүнийг хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно гэж заасан. Ингэснээр сахилга хариуцлага дээшилж, журмын хэрэгжилт сайн байх болно гэв.

Я. Энх

title

Өмнөх мэдээ

Монголын Зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар: Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалинг 10 хувь нэмэх бололцоотой
title

Дараагийн мэдээ

Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет компаниуд үндэсний хөрөнгө оруулалттай Монголын компани боллоо