МЭДЭГДЭЛ

Монгол Улс нь улстөрийн хувьд тогтворгүй агаад ойлгомжтой бус, эдийн засаг нь сул бөгөөд өрийн тааз тулсан зэрэг шийдэл шаардсан санхүүгийн хүнд үед ирээд байна. Чухам ийм онцгой цаг үед дотоодын хувийн хэвшил рүүгээ бүлэглэн дайрч, асуудлыг улстөржүүлэн талцуулсан ноцтой байдал ажиглагдах боллоо.

Нэр бүхий улстөрчид, албан тушаалтнуудын зүгээс, тухайлбал Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон ТЕГ-ын дарга Б.Хурц нар “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн нэр хүндэд халдсан улс төрийн мэдэгдэл хийлээ. Эрхзүйт төртэй Монгол Улсын Хуульзүй, дотоод хэргийн сайд нь “Засгийн газрын 100 хоногийн дотор “Эрдэнэт”-ийг төрийн мэдэлд бүрэн авна” хэмээн хугацаатай улс төрийн амлалт авч, ТЕГ-ын дарга нь үйлдвэрийн өмнөх үеийн харилцагчидтай холбоотой зарим баримтыг дэлгэж байгаад “Монгол зэс корпорац”-ын зүгээс харамсч байна.

Монгол Зэс корпорац нь зөвхөн ОХУ-ын Засгийн газрын мэдэлд байсан хувьцааг худалдан авсан юм. Энэхүү түүхэн хэлцлийн үр дүнд “Эрдэнэт” үйлдвэр ХХК бол 51 хувь нь төрийн, 49 хувь нь “Монгол зэс корпорац”-ын мэдлийнх болж өмчлөлийн хувьд 100 хувь Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгж болсон билээ.

2016 оноос эхлэн үндэсний компани болсноор Монгол Зэс корпорац нь Эрдэнэт үйлдвэрт сайн засаглалын хөтөлбөр, олон улсын үйлдвэрлэлийн стандарт, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны санаачилга, санхүүгийн цогц шилэн байдал, санхүү нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлэх, олон улсын рейтинг үнэлгээг сайжруулах зэрэг олон дорвитой арга хэмжээ авсан. Үүний үр дүнд жишээ нь 2016 онд үйлдвэрийн хэмжээнд  ганцхан удаа нээлттэй тендер явуулсан бол 2017 онд нийт 491 удаагийн нээлттэй тендер зарласан. Ажилчдынхаа цалинг 10 хувиар нэмлээ. Захирлуудын зөвлөл байгуулж, өмнө нь нэг хүн бүх асуудлыг дангаараа шийддэг байсныг олуулаа нээлттэй, ил тод ярилцаж шийддэг боллоо.

Шахааны бизнесийг тууштай цэгцэлж, бараа материал, сэлбэг хэрэгслийн үнийн зөрүүнээс гэхэд 15.1 тэрбум төгрөг хэмнэсэн. Зөвхөн энэхүү хэмнэлт нь 100 хүүхдийн арван дөрвөн цэцэрлэг, орон нутагт тус бүр 30 ортой таван эмнэлэг барих мөнгө юм. Шахааныхан зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрээс жил бүр таван эмнэлэг, арван дөрвөн цэцэрлэг барих мөнгө завшин хувьдаа халаасладаг байсныг таслан зогсоож чадлаа.

Эрдэнэт үйлдвэр ХХК нь хувийн хэвшлийн эх оронч санаачилгын дэмжлэгтэйгээр 100 хувь үндэсний аж ахуйн нэгж болсон нь Монгол улсад хэрэгтэй зүйл байжээ гэдгийг өнгөрсөн нэгхэн жилийн хугацааны дээрхи тоонууд харуулж байна. Цаг хугацаа өнгөрөх тусам хувийн хэвшлийн оролцоо, эх оронч санаачилга нь Монголын ард түмний нийтлэг эрх ашигт нийцсэн үндэстний хөгжлийн томоохон үлгэр дууриал болно гэдэгт бид хатуу итгэж байна. 

Монголын ард түмэндээ эргэн сануулахад:

1. Эрдэнэт үйлдвэр дэх Монгол Улсын төрийн эзэмшлийн 51 хувь хөндөгдөөгүй хэвээр бөгөөд ямар нэгэн байдлаар хувьчлал болон худалдан авалт огт болоогүй.

2. Монгол Зэс корпорац нь зөвхөн Оросын Холбооны Улсын өмчлөлд байсан 49 хувийн хувьцааг л худалдаж авсан.

3. Олон улсын түвшинд хамгийн нэр хүнд бүхий АНУ-ын Скадден Арпс болон Их Британийн Бэйкер Макензи хуулийн фирмүүдийн хамтарсан баг гэрээ хэлцэлд ажиллаж олон улсын эрхзүйн хүрээнд ямарваа нэгэн маргаангүйгээр олон улсын стандарт, хэм хэмжээний дагуу өндөр түвшинд ажилласан болно.

            Хэрвээ энд олон улсын болон Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр, ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байвал үнэнийг улс төрийн хэрүүл, улстөрчдийн сүржин мэдэгдлээр бус, гагцхүү шүүхээр тогтоож шийдвэрлэх нь Монголын ард түмний нийтлэг эрх ашиг төдийгүй олон улсын тогтсон хэм хэмжээнд нийцэх юм.

 Монгол бол ардчилсан засаглал, чөлөөт зах зээлийн эдийн засагтай улс учраас өмчлөх эрх нь хувь хүний амьд явах эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй нэгэн адил хуулиар хамгаалагдсан эрхэм бөгөөд үнэ цэнэтэй юм. Ийм улсад төр нь хувийн өмчид халдах нь иргэнийхээ амьд явах заяагдмал эрх, эрх чөлөөнд  бурангуйгаар халдаж байгаатай утга нэг билээ. Ардчилсан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа нь хувийн өмчийг дээрэмдэх, хавчин гадуурхахад бус, хамгаалахад чиглэгдэн үндэсний аж ахуйн нэгжүүдийг олон улсын хэмжээнд өрсөлдөх чадварыг нь дэмжих ёстой.

Хэрэв Засгийн газар нь эрхзүйт төрийн зарчим, төрийн хууль, шүүх тогтолцоог үл хүндэтгэн улстөрийн зорилгоор хүний эрх, хувийн өмчид халдвал өмнөх Засгийн газруудын нийтлэг алдааг давтан, олон жил төлөвшүүлсэн нийгмийн тогтолцоог хойш татах, олон улсын өмнө нэр хүндээ алдах, урт удаан хугацаанд үргэлжлэх шүүх ажиллагаанд татагдах эрсдэлтэй болно.

Байнгын улстөржилт, хий хоосон талцлын уур амьсгал, хувийн хэвшлийг улстөрийн лоозон хийх зорилгоор ашиглах нь өөдлөн дэвжих эрмэлзэлтэй ард түмний нийтлэг эрх ашигт нийцэхгүй.

Монгол Зэс корпорац нь монголчууд хийж бүтээж чаддаг гэдгийг батлан харуулах, өөрсдийн итгэл үнэмшлийн дагуу үндэсний компанийн өрсөлдөх чадварыг олон улсад дээшлүүлэх, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг гэтлэхэд хувь нэмрээ оруулахыг ямагт хүсэх болно. Үүний тулд Монгол Улсын Засгийн Газартай нягт хамтран ажиллах хүсэлтэй гэдгээ удаа дараа илэрхийлсэн бөгөөд үүнийг дахин баталгаажуулж онцлохыг хүсч байна.


Монгол Зэс корпорац

2017 оны 10 сарын 30


title

Өмнөх мэдээ

Монголын Зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар: Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалинг 10 хувь нэмэх бололцоотой
title

Дараагийн мэдээ

Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет компаниуд үндэсний хөрөнгө оруулалттай Монголын компани боллоо