М.Мөнхбаатар: Үндэсний компанийн сайн засаглалын жишээг "Монгол зэс" харуулж байна

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Энтрепренер 2017” арга хэмжээгээр оны онцлох аж ахуйн нэгжүүдийг шалгарууллаа. Энэ оны “Сайн засаглалыг хэрэгжүүлэгч оны онцлох энтрепренер”-ээр “Монгол Зэс” корпораци шалгарсан юм. Тус корпораци нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн эзэмшлээрээ дамжуулан компанийн үр ашгийг дээшлүүлэх шилдэг туршлагуудыг нэвтрүүлсэн гэж үнэлэгджээ. Тиймээс компанийн нь сайн засаглалын талаар “Монгол Зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатартай ярилцлаа.

-Танайх “Сайн засаглалыг хэрэгжүүлэгч” байгууллагаар тодорсон байна. Сайн засаглал гэж юу вэ. Хэрхэн яаж сайн засаглалыг хэрэгжүүлэв гэдгээр яриагаа эхэлье?
-Бид 2016 оны арванхоёрдугаар сард “Эрдэнэт”-ийн ирээдүйн таван зорилт гэх зорилтууд тавиад хэрэгжүүлж эхэлсэн юм. Тухайлбал, нээлттэй “Эрдэнэт” гэдэг зорилтын хүрээнд олон зүйлийг хийж, хэрэгжүүлсэн. Өмнө нь хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу энэ үйлдвэр нэлээд хаалттай байсан. Энэ утгаараа хардлага ч их байлаа. Тиймээс хамгийн анх Төлөөлөн удирдах зөвлөл, манай "Зэс корпораци" санаачлаад худалдан авалтын үйл ажиллагааг нээлттэй болгох зорилт тавьж хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд компани өөрөө тендер зарладаг болсон. Одоогийн байдлаар 500 орчим нээлттэй тендер зарлачихсан байна. Тендер зарлаж эхэлснээр, худалдан авалтынхаа тоо хэмжээг бууруулахгүйгээр 15 тэрбум төгрөг хэмнэсэн. Хоёрдугаарт, шийдвэр гаргалтын тогтолцоо. Өөрөөр хэлбэл, хэн ямар процессоор, ямар шийдвэр гаргах вэ гэдгийг тодорхой болгосон. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал гэж хүн бүх шийдвэрийг гаргадаг байсан бол одоо захирлуудын зөвлөл асуудлыг хэлэлцэж, хамтын шийдвэр гаргадаг болж байгаа юм. Энэ мэт өөрчлөлт, шинэчлэлүүдийн хүрээнд дээрх шагналыг олголоо гэж ойлгож байна. Таван өөрчлөлтийн зөвхөн хоёрыг нь нэрлэхэд ийм байна.

-Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт”-ийн 49 хувь нэлээд маргаантай, олон шатны шүүхээр орсоор байсан. Энэ нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн үү. Эсвэл огт нөлөөлөл үзүүлээгүй юм уу?
-Хувьцаа эзэмшигчдийн дунд үүсч байгаа маргаан учраас тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлнэ. Гэхдээ 2016 оны гуравдугаар улиралд Х.Бадамсүрэн захирал хэвлэлийн бага хурал хийж байсныг санаж байгаа бол улсад төлсөн татвар хэд дахин нэмэгдсэн. Мөн бид төлөөлөн удирдах зөвлөлөөрөө хэлэлцээд, ажилчдынхаа цалинг өнгөрсөн жилийн таван сард 10 хувиар нэмэгдүүлсэн. Тэгэхээр үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдсан гэсэн үг. Маш товчхон хоёр жишээгээр үйл ажиллагаагаа тайлбарлахад ийм байна. Эдийн засаг хүндрэлтэй байхад цалинг 10 хувиар нэмэгдүүлж чадлаа. Зарлагаа хэмнээд, хэмнэсэн мөнгөөрөө ажилчдынхаа цалинг нэмэхэд зориулсан.

-Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэр ажиллаж байна вэ?
-Аливаа уул уурхайн компани нийгмийн хариуцлагын төлөө үйл ажиллагаа явуулах ёстой. Манайх нийгмийн хариуцлагын талдаа харьцангуй өндөр үүрэгтэй байдаг. Хувьцаа эзэмшигчдийн зүгээс хоёр жишээ татахад, Эрдэнэтэд 300 метр урттай, гэрэлт гудамжийг “Монголын Зэс” корпорацийн өөрийн хөрөнгөөр байгуулж өгсөн. Хоёрдугаарт жил болгон Эрдэнэтдээ шинэ жилийн мод асаах ёслол зохион байгуулж байна. Мөн Орхон аймгийн алслагдсан сумдуудын 2000 гаруй хүүхдэд шинэ жилийн бэлэг, мэндчилгээ хүргэж өглөө. Эрдэнэт үйлдвэр ч өөрөө сургуультай.
Мөн саажилттай хүүхдүүдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмждэг, байшингийнх нь өргөтгөлийн ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, саяхан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд оролцдог өмнөд Азийн тэмцээний зардлыг гаргаж дэмжсэн. Нийгмийн хариуцлага талдаа энэ мэт олон ажлыг хийж байна.
Нэг жилийн дотор “Эрдэнэт” үйлдвэрийн засаглалтай холбоотой асуудлаа шийдчихлээ. Хамгийн гол нь хоёр улсын гэрээний дагуу үйл ажиллагаа явуулдаггүй байсныг өөрчиллөө. Монголын үндэсний компани болсноороо, Монгол Улсад хэрэгжиж байгаа бүх л хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлж, энэ хүрээндээ үйл ажиллагаагаа явуулж байна. Ер нь үндэсний компанийн сайн засаглалын жишээг “Монгол зэс” харуулж байна. Мөн өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил төсөвт гурав дахин илүү татвар төлсөн байна.

-Ирэх 2018 онд, мөн цаашид, өнгөрсөн 10, 20 жилийнхтэй харьцуулахад “Эрдэнэт” үйлдвэр хэрхэн өөрчлөгдөх бол. Цаашдын үйл ажиллагаагаа хэрхэн төлөвлөж байна вэ. Зэс ОУ-ын зах зээлд эрэлттэй хэвээр учраас их ирээдүй бий байх?
-Зэсийн үнэ өсчихсөн болохоор хүмүүс өөдрөгөөр төсөөлж байна. Монголчууд аливааг эерэг талаас нь хардагтай холбоотой байх. Би хувьдаа зэсийн ханшийг энэ түвшиндээ үлдээсэй гэж хүсч байна. Гэхдээ АНУ-д хаагдсан байсан зарим зэсийн үйлдвэрүүд, буцаж нэмэгдэхээр болж байна. Ингэснээр нийлүүлэлт нь эрэлтээсээ давахаар харагдаж байна. Тэгсэн ч бид зэсийн ханшийг энэ төвшинд байх болов уу гэж тооцоолох нь зөв байх. Гэхдээ зэсийн ханш яг ийм байх уу гэдэг эргэлзээтэй. Хамгийн гол нь ам.долларын ханшийн хэлбэлзэл ямар байх вэ гэдэг асуудал бий. Материалын үнэ, энэ төвшинд байх уу гэх зэргийн хариултыг авч байж, зөв төлөвлөгөө гаргана. Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн боломжтой уялдаж, үйлдвэрийнхээ ирээдүйг бодох, цаашид яах вэ гэдгийг төлөвлөх шаардлага үүсч байгаа юм. Үйлдвэрлэх зэсийн үнэ дээшлэх тусам урсгал зардал нэмэгдээд, үнэ буух тусам урсгал зардал буураад байдаг эрүүл биш тогтолцоо энэ үйлдвэрт байсан. Тэгэхээр бид нэгжийн үнийг тогтвортой байх тал дээр илүү ажиллах болов уу гэж бодож байна. Гэхдээ хэмнэх ёстой зардлыг хэмнэх ёстой, Хэмнэх ёсгүй зардлыг хэмнэх ёсгүй.

-Хэмнэх ёстой, ёсгүй зардал нь юу, юу байх уу?
-Тухайлбал, үйлдвэрийн үйл ажиллагаанд хамгийн үнэтэй капитал болох хүний нөөц, боловсон хүчний зардлыг ямар ч нөхцөлд хэмнэх ёсгүй. Үүнийг хэмнэж байгаа нь менежментгүй, удирдах чадваргүй баг ажиллаж байгаагийн илрэл байдаг. “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд боловсон хүчний зардлыг хэзээ ч бууруулах ёсгүй. Хүмүүсийн амь, амьдрал залуу нас хүч хөдөлмөрөө зарцуулчихсан, зарцуулж байгаа зүйлд сөргөөр хандаж болохгүй. Бусад үйл ажиллагааны зардлыг харин барих, танах, тухайн төвшинд байлгах нь чухал.

-Эдийн засгийн хямралын үеэр манай ихэнх компаниуд ажилчдаа цомхотгоод, цалинг нь танадаг нь хамгийн буруу менежмент гэсэн үг үү?
-Тэр бол хамгийн чадамжгүй менежмент гэсэн үг. Удирдлагын баг ажиллаж чадахгүй байгаагийн илрэл. Хамгийн залхуу, чадваргүй хүний хийдэг л ажил.

-Сүүлийн үед банкны хүү буурах ёстой, бууруулах боломжгүй гээд бизнес эрхлэгчид нэлээд маргах болжээ. Үүнд та ямар бодолтой байгаа вэ?
-Хүү гэдэг маань бүтээгдэхүүний үнэ. Суурь хүчин зүйл маань хадгаламжийн хүү гэсэн үг. Хадгаламжийн хүү өндөр байгаа нөхцөлд зээлийн хүүг бууруулж чадах уу. Суурь шалтгааныг нь л олох хэрэгтэй.

-Та өөрийгөө танилцуулаач. Ямар мэргэжилтэй. Хаана, хаана ажиллаж байсан хүн бэ?
-Би өөрөө үндэсний бүтээгдэхүүн. Монголдоо дунд сургууль төгссөн. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд хөрөнгө оруулалт, банкны чиглэлээр ажиллалаа. Маш олон гэрээ хэлцэл хийж, олон улсын гэрээ хэлцлүүдэд нэлээд үүрэгтэй оролцож байсан. Банк санхүү, бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллаад 14,15 жил болж байна. Гэр бүлтэй. Хоёр сайхан хүүтэй ийм залуу байна.

-Хөрөнгө оруулалтын орчин манайд ямар байна. Гадны хөрөнгө оруулалт үндсэндээ зогсонги байгаа. Цаашид юу болох бол?
-2017 оны гурван сард төр хувийн өмчийг булаагаад авч байгааг 49 хувийн асуудлаас гаднынхан харсан байх. Энэ нь хөрөнгө оруулалт хийхээс айх нөхцөл үүсгэсэн. Бид ОХУ-ын мэдэлд байсан буюу гадаадад байсан хувийг Монголдоо оруулж ирсэн залуус. Гэтэл төр булаагаад авчихаж байна. Уг нь ОХУ-ын талд 37 жил байсан хувьцааг бид авчирсан юм. Дэлхийн хэмжээний хэлцлийг Монголын компаниуд хийх чадалтай болсныг харуулсан. Гэтэл төр ийм нүүр гаргаж байхад, гаднынхан яаж орж ирэх вэ.

-“Монгол зэс”-ийн ТУЗ-д хэн, хэн гэж залуус байна. Нэрлэж өгөөч?
-Манай төлөөлөн удирдах зөвлөлийн багт залуу хүмүүс бий. Дөнгөж 30 хүрч байгаа, хорин хэдтэй, гадны, олон улсын банк санхүү, уул уурхайд ажиллаж байсан залуус байгаа юм. Бүгдээрээ гадаадад боловсрол эзэмшсэн. Биднийг нэгтгэж байгаа гол зүйл бол Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө ажиллая гэдэг чин зориг. Бид нойр хоолоо, хувийн амьдралаа умартан зүтгэж буй залуус. Гэхдээ Хурц гуай гэх мэт ахмад туршлагатай зөвлөдөг хүмүүс бий.

-Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг төрөөс намын харьяаллаар сонгосон гэж ойлгоод байгаа. Харин та бүхэн ямар нэгэн намын харьяалалтай юу?
-Намын харьяалал гэж байхгүй. Бид төр тогтвортой, хууль үнэн байгаасай гэж хүсч байна. Бадамсүрэн гуай бол манай урдаа барьдаг мэргэжлийн хүмүүсийн нэг. Энэ салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн. Хувьцаа эзэмшигчийн буюу төрийн төлөөлөл болж ажиллаж байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөлд долоон хүн байдгийн дөрөв нь төрийн төлөөлөл. Дарга нь Бямбасүрэн гээд Засгийн газрын хувьцаа эзэмшигч талаас санал болгосон хүн бий.

title

Өмнөх мэдээ

Монголын Зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар: Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалинг 10 хувь нэмэх бололцоотой
title

Дараагийн мэдээ

Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет компаниуд үндэсний хөрөнгө оруулалттай Монголын компани боллоо