ХЭВЛЭЛИЙН МЭДЭГДЭЛ


ХЭВЛЭЛИЙН МЭДЭГДЭЛ


Монгол Улсын Их хурлаас 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 23 дугаар тогтоолыг баталсан. Тогтоолд ОХУ-ын “Ростех” төрийн өмчит корпорациас манай компанийн худалдан авсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-иудын 49 хувийн хувьцааг “хэлцэл хийх” замаар төрийн өмчид шилжүүлэн авахыг Засгийн газарт даалгасан.

УИХ-ын дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээс 2017 оны 2 дугаар сар, 2017 оны 10 дугаар сард тус тус ажлын хэсэг байгуулсан. Анх 2017 оны 2 дугаар сард байгуулсан ажлын хэсгийн саналыг үндэслэн Засгийн газраас өгсөн чиглэл, түүний дагуу хувьцааг төрийн өмчид шилжүүлсэн ажиллагаа нь хууль бус болохыг Улсын Дээд Шүүх (УДШ) 2017 оны 12-р сарын 7-ны өдөр тогтоож, улмаар Монгол зэс корпораци ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн хувьцааны өмчлөгч болохыг нотолсон.

Монгол улсын иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь ... өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж өмчлөгчийн эрхийг хамгаалсан байдаг.

Засгийн газрын Ажлын хэсэгтэй манай компанийн төлөөлөл мэдээлэл солилцох уулзалт үргэлжилж байх энэ мөчид хэлцэл хийсэн гэх нэрийдлээр Засгийн газар ээлжит бус хурлаас УДШ-ийн тогтоолыг хүчингүй болгосон агуулга бүхий шийдвэр гаргаж хоёр үйлдвэрийн 49 хувийн хувьцааг төрд дахин булаан авлаа.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг манай компанийн төлөөлөлтэй уулзалт хийж, мэдээлэл солилцсон бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-иуд дахь 49 хувийн хувьцааг төрд шилжүүлэх тухай ямар нэгэн хэлцэл хийгээгүйг албан ёсоор мэдэгдэж байна.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний хууль, шүүхийн практикт хэлцэл гэдгийг ямар ч хоёрдмол утгагүйгээр, нэг мөр ойлгож, хэрэглэж байгаа. Өөрөөр хэлбэл ямар ч хэлцэл хоёр талын сайн дурын үндсэн дээр хийгддэг зарчимтай. Улс төрийн амлалтаа биелүүлэх зорилгоор УДШ-ийн тогтоолыг засварлаж, давж шийдвэр гаргах эрх Засгийн газарт Үндсэн хуулиар олгогдоогүй.

Засгийн газрын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, өмнөх Засгийн газрын алдааг давтсан үйлдэл боллоо. Түүнчлэн Засгийн газар нь үнэн бодит байдлыг гуйвуулж, олон нийтийг төөрөгдүүлсэн, хууль бус үйлдлээ хаацайлсан худал мэдээлэл албан ёсоор өгч байгаад харамсаж байна.

Монголын үндэсний хувийн хэвшил Монгол зэс корпораци ХХК нь өөрсдийн эрх ашгаа хууль зүйн хүрээнд хамгаалах шат дараатай арга хэмжээ авна.


 МОНГОЛ ЗЭС КОРПОРАЦИ ХХК


title

Өмнөх мэдээ

Монголын Зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар: Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалинг 10 хувь нэмэх бололцоотой
title

Дараагийн мэдээ

Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет компаниуд үндэсний хөрөнгө оруулалттай Монголын компани боллоо